Ж.МӨНХЦЭЦЭГ: БИД ЦААШДАА МОНГОЛ ХЭЭ, КАЛЛИГРАФТАЙ УГААЛТУУР, ВАНН ҮЙЛДВЭРЛЭНЭ

“Бид оймс үйлдвэрлэлээ” гээд гар дээрээ өргөн бахархаж байсан цаг саяхан. Тэгвэл Монголчууд бид өнөөдөр хийж бүтээх их тэмүүлэлтэй, түүндээ хүрэхээр тууштай тэмцэж, үндэсний үйлдвэрлэл, өөрсдийн минь бүтээл хэмээн бахархаж, гайхуулах олон сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Унаж, босож, шантарч явсан ч өнөөдөр Монголын анхны угаалтуур, ванныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж, магтаал сайшаалыг хүртэн буй “Гантиг ванн констракшн”-ы захирал Жадамбаагийн Мөнхцэцэгийг бид энэ удаагийн ГАРААНЫ БИЗНЕС булангийнхаа зочноор урьсан юм. Таны хүссэн загвар тэр бүү хэл хүссэн өнгөөр угаалтуур, ванн Монголдоо Монгол хүн үйлдвэрлэж байна гэхээр мэдээж сайхан сонсогдож буй нь лавтай. Түүнтэй уулзахаасаа өмнө 100 айлд байрлах дэлгүүрээр нь зочиллоо. Хүүхдийн жижиг угаалтуураас эхлээд олон өнгийн, хийц загвар сайтай харахад “бадируун” угаалтуур, ванн бүхий тэдний дэлгүүр “Материал хаус”-ын зоорийн давхарт байрладаг аж. “Гантиг ванн констракшн”-ы бүтээгдэхүүний үнийг сонирхоод хажууханд нь байрлах Жоби барилгын материалын дэлгүүрээс ижил бүтээгдэхүүний үнийг судаллаа. Харахад “царай муутай” хэр нь үнэ бол ойролцоо юм. Олон зүйл нуршилгүй шинийг санаачилж, хийж бүтээж яваа Ж.Мөнхцэцэгтэй ярилцсанаа хүргэе. -Үйлдвэрлэл хэрхэн эхэлсэн тухай ярианаас ярилцлагаа эхэлье. -Манай гэр бүлийн хүн Солонгост угаалтуур, ванны үйлдвэрт гэрээгээр ажилладаг байсан юм. Гэрээнийх нь хугацаа дуусч, 2011 онд эх орондоо ирсэн. Тэнд ажиллаж байхад нь бид хоёр энэ чиглэлээр юм хийе, технологийг нь эзэмшиж ирээд эх орондоо ийм үйлдвэр байгуулъя гэж ярьдаг байсан юм. Ирснийх нь дараа нэг жилийн хугацаанд тоног төхөөрөмжөө, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй зүйлсээ бэлдсэн. Тухайн үед манай барилгын зах зээл тухайн үед их сайн хөгжиж байсан хүн ам дийлэнх нь залуу орон сууцны хэрэглээ ихтэй байсан зэргийг харгалзаад үйлдвэрээ байгуулж байсан юм. 2012 оны зургадугаар сард байгуулаад наймдугаар сараас нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. -Танай бүтээгдэхүүнүүд хэмжээ загвар олон янзаас гадна хүссэн өнгөөрөө захиалж хийлгэх давуу талтай гэж байсан. Нийтдээ хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? -Өнөөдрийн байдлаар найман төрлийн угаалтуур, 14 төрлийн ванн, гурван янзын даралтаар үлээдэг америк тоноглолтой 2 төрлийн жакуз үйлдвэрлэж байна. Бас өнгөтэйгээс гадна саатай, судалтай, хүрээтэй угаалтуур, ванныг хийлгэж хүссэн өнгөө гаргуулж болдог.