Т.АРИУНТӨГС: БАЙГУУЛАГДСАН ЦАГААСАА ХОЙШ ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭЖ ИРСЭН НЬ МАНАЙ КОМПАНИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ

Монголын анхны ванн, угаалтуур үйлдвэрлэгч “Монгол Ванн” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Т.Ариунтөгстэй ярилцлаа.

-“Монгол Ванн” компани дотооддоо ванн, угаалтуур үйлдвэрлээд хэдийнэ 5 жил өнгөрчээ. Монголчууд ванн үйлдвэрлэдэг болсон юмуу гэж гайхаж, баярлаж байсан үе саяхан бол одоо нэлээд олон хэрэглэгчидтэй болсон байх. “Монгол Ванн” компани одоогоор хичнээн айл, албан байгууллагад ванн, угаалтуураа тавьж өгөв?

-Манай компани байгуулагдаад 5 жил болж байна. Импортын ванн, угаалтуурыг орлох үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилт тавин, чанарыг эрхэмлэн ажиллаж ирсэн. “Монгол Ванн” компани нь Солонгос улсын стандарт, технологийн дагуу эх орныхоо чулуугаар шахмал ванн, угаалтуур үйлдвэрлэж байна. Бид өнгөрсөн хугацаанд 100 орчим барилгын компанитай хамтран ажиллаж, 10 мянга гаруй орон сууцанд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Бүтээгдэхүүнээ чулуугаар цутган үйлдвэрлэдэг учраас чанарын баталгааг амлаж чадна.

-Монгол ванн, угаалтуур олон төрлийн өнгөтэй, загварын хувьд ч өргөн сонголттой, өнгөө алддаггүй гээд хүмүүс их ам сайтай байдаг юм билээ. 5 жилийн өмнө авсан ванн одоог хүртэл хэвээрээ байгаа талаар нэг хэрэглэгч танай компанийн фэйсбүүк хуудсанд бичсэн байсан. “Монгол Ванн” компанийн бүтээгдэхүүний гол онцлог, импортын бүтээгдэхүүнээс ялгагдах давуу тал нь юу вэ?

-Тиймээ, манай хэрэглэгчдээс талархал, урмын сайхан үг, дэмжлэгүүд их ирдэг. Монголдоо ванн, угаалтуур үйлдвэрлэж, импортыг орлох үйлдвэрлэл эрхэлж байгаад баярлалаа, улам олон загварын ванн, угаалтуур үйлдвэрлээрэй гээд санал, зөвлөмжөө хэлдэг. Бид ч хэрэглэгчдийнхээ санаа бодолд тулгуурлан шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр ажилладаг. Одоогоор манай “Монгол Ванн” компани 20 гаруй загварын ванн, 10 гаруй загварын угаалтуурыг хэрэглэгчдийнхээ хүссэн хэмжээ, өнгөний дагуу үйлдвэрлэж, бариул, дэр, суудал, шилэн хаалт, холигч, жакузи зэрэг нэмэлт тоноглолоор тоноглож байгаа. Манай бүтээгдэхүүн бусад импортын ванн, угаалтуурыг бодвол хотолзохгүй, ус гоожиход дуу чимээгүй, гаднах өнгөлгөө нь паалан биш будаг учраас шарлаж, хуурахгүй, толбо, өнгөр тогтохгүй зэрэг давуу талтай. Мөн материал нь байгалийн чулуу учраас усны дулаанаа удаан барьдаг, амархан хөрдөггүй, даац сайтай, хүний биед харшлах зүйлгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хамгийн гол онцлог, давуу тал нь хүссэн хэмжээгээр тавцангаас нь тайралт хийж, тухайн айлынхаа хэмжээнд, булан, доголд тохируулан тавьж болдог. Тухайлбал, манай хамгийн жижиг хэмжээтэй ванн 135-150см-ийн урттай гардаг бол үүнийг 125см хүртэл богиносгох боломжтой. Үүнийг хэрэглэгчид маань их сайшаадаг. Түүнээс гадна үндэсний үйлдвэрлэгч болохоор засвар үйлчилгээгээ өөрсдөө хийдэг. Удаан эдэлгээний дараа гаднах өнгийг дахин сэргээж будах үйлчилгээ ч бий.  5 жилийн өмнө манайхаас ванн авсан айлын ванны урд хаалтных нь түгжээ эвдэрсэнийг нь бид янзалж өгсөн. 5 жил болоход түгжээ нь л эвдэрсэнээс биш өөрөөр ямар ч эвдрэл гэмтэл байхгүй, өнгөө алдаагүй, дулаанаа сайн барьдаг, саатай, өнгөтэй болохоор хүүхдүүд маань ч усанд орох дуртай гэж хэлж байсан. /инээв/ Тиймээс бүтээгдэхүүнийхээ чанарыг алдахгүйн төлөө чанарыг эрхэмлэж ирсэн маань манай компанийн хамгийн чухал үзүүлэлт.

-Танай компанийн өнгөтэй ванн, угаалтуурууд үнэхээр гоёмсог, сонирхолтой шүү. Саатай, содон судалтай гээд хүссэн өнгөөрөө захиалж болдог гэсэн үү?

-Бүх төрлийн өнгөтэй ванн, угаалтуур гаргах боломжтой. Хамгийн гол нь ванн, угаалтуурынхаа бүтэн зуурмаганд будгаа найруулж цутгадаг учраас өнгөн хэсгийн паалан ховхрох, өнгөө алдах зэрэг асуудал гарахгүй.

-Шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Манайх энэ ондоо багтаж япон загварын ванн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Япон ванн нь зай бага эзэлдэг, ус бага ордог давуу талтай. Бас манай хэрэглэгчид душ үйлдвэрлэдэг үү гэж их асуудаг л даа. Тиймээс ч бид хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийн дагуу үндэсний үйлдвэрлэгч “Шилэн хийц” компанитай хамтраад душ гаргахаар ажиллаж байна. Манай компанийн үйлдвэрлэж байгаа чулуун ванн усны дулаанаа удаан хадгалдаг учраас усаа ахин дахин сэлбээд байх шаардлагагүй, усанд хэмнэлттэй байдаг. Бид цаашид усны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажиллах болно.

-“Монгол Ванн” компани үндэсний соёл, онцлогоо шингээсэн шинэ логогоо танилцуулсан. "Ус чандмань эрдэнэ" гэж эртнээс дээдэлж ирсэн өвөг дээдсийнхээ үзэл санааг эрхэмлэж, Өнгөрсөн-Одоо-Ирээдүй гурван цагт эх дэлхийгээ өнө мөнх оршихыг бэлгэдэн усны дүрс бүхий логотой болсон гэдгийг онцолсон байсан. Танай бас нэг онцлог загварын ванн бол 100*100*60 см-ийн хэмжээтэй ус бага ордог дөрвөлжин ванн гэж боддог. Энэ ванныг хүмүүс их сонирхдог уу?

-Тэгэлгүй яахав. 100*100см-ийн хэмжээтэй ус бага ордог дөрвөлжин ванн бол манай компанийн энэ үзэл санааны дагуу үйлдвэрлэж эхэлсэн ванн. Ус бага ордог, өөрөөсөө суудалтай, шилэн хаалт хийгээд душ хэлбэрээр ашиглаж болно, усаа дүүргээд ванндаа хэвтэж алжаалаа тайлах ч боломжтой. Ус бага ордог учир нялх балчир хүүхэдтэй айлууд болон сувиллын газрууд шар сүү, хар цайны эмчилгээний зорилгоор нэлээд захиалдаг. “Тав тухтай, чанартай, ухаалаг хэрэглээ!” бол манай компанийн уриа. Эх дэлхийдээ хайртай, усаа хэмнэж, ухаалаг амьдрахыг хүсдэг хэрэглэгчид маань энэ загварын ванныг төрөл бүрийн өнгөтэйгээр захиалдаг. Жижиг угаалгын өрөөтэй айлууд ч их авдаг. Ер нь сүүлийн үед барилгын компаниуд залуу гэр бүлд зориулсан жижиг байр их барих болсон. Тиймээс жижиг угаалгын өрөөнд зориулсан ваннууд их эрэлттэй байгаа.

-Танай бүтээгдэхүүнүүд тус бүрчлэн онцлог давуу талтай юм. Ингээд онцлоод яриад байвал бүх загварын талаар ярих байх. Гэхдээ “Монгол Ванн”-ы үйлдвэрлэдэг хөлтэй гоёмсог ваннуудын талаар асуухгүй байж болохгүй байх. “Гоо брэнд” буюу “Бурханлиг гоо сайхан” компани “Гоо органик спа”-даа танай хөлтэй ванныг тавьсан байдаг шүү дээ. Энэ загварт бүсгүйчүүд маань бас их дурлаж, захиалдаг уу?

-Тиймээ, “Гоо органик спа”-гаас эхлүүлээд гоо сайхны салон, спанууд манай хөлтэй ванныг их захиалдаг. Бүсгүйчүүд маань ч их дуртай. Залуу гэр бүлүүд зуслангийн байшиндаа их худалдан авдаг. Манайд хоёр төрлийн хөлтэй гоёмсог ванн бий. Бас хүссэн өнгөөрөө хийлгүүлсэнээр  илүү гоёмсог харагддаг.

-“Монгол Ванн” компани үндэсний үйлдвэрлэгч “Гоо брэнд”, “Шилэн хийц” гээд үндэсний баялаг бүтээгчидтэй хамтран ажилладаг нь талархмаар байна. Монголын барилгын компаниуд Монгол ванн, угаалтуур үйлдвэрлэгч компаниа дэмжиж, захиалга өгч байна уу?

-Тэгэлгүй яахав. Манайх үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцож, ванн, угаалтуураа нийлүүлж ажилладаг. Тухайлбал, “Монгол угсаа констракшн” ХХК-ийн “Сувдан сондор” хотхон, “Бэсүд” зочид буудал,  “Ноёд констракшн” ХХК-ийн “Жуков” хотхон, “Сэлэнгэ 888” хотхон,  “Сүмбэр цамхаг” ХХК-ийн “Ганзам” хотхон, “Грийн апартмент, “Garden Residence” хотхон, “Ханбогд Ресиденс” хороолол, Буянт-Ухаа 2 хороолол, “B one apartment”, “Сүмбэр орд” хороолол, “Мандал” амины орон сууцны хороолол, “Баганат Өргөө” ХХК-ийн “Баганат” хороолол, “Алтай” хотхон, “Тэнгэр” хотхон, “Хийморь” хотхон, “Түшиг багана” хотхон, “Бугат хотхон”, “Blue Dragon” хотхон, “Хүслийн өргөө” хотхон, “Шинэ айл” орон сууц, “Их Мөрөн цамхаг” ХХК-ийн Дэлгэрэх хотхоны II, III ээлжний барилга, Дархан-Уул аймгийн “Минж апартмент”, ”Парк таун” хотхон, “Сөүл Сонгодо” клиник, “Гранд хилл” зочид буудал, “Рояал хаус”, “Москва плаза”, “Ханду”, “Байгаль” зочид буудал зэрэг олон бүтээн байгуулалтад хамтран ажилласан.

-Ванн, угаалтуурын үйлдвэрлэл өртгийн хувьд өндөр болов уу. Гэхдээ үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа хэрэглэгчид маань хямд үнийг хүсээд байдаг шүү дээ. Энэ тал дээр танай компани ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай компани хэрэглэгчдэдээ 1-рт чанар, 2-рт боломжийн үнийг санал болгодог. Жишээ нь, манай 135-180см урттай стандарт загварын ваннууд 275-400 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол орц ихтэй, гар ажиллагаа ордог загварууд арай үнэтэй байдаг. Түүхий эд материалаа БНСУ-аас авдаг, чанарыг эрхэмлэдэг компанийн хувьд Хятадын чанаргүй, баталгаагүй материалтай, орц багатай бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөнө гэдэг хэцүү л дээ. Гэсэн ч бид аль болох хамгийн доод үнийг хэрэглэгчиддээ санал болгохыг зорьдог.

-“Монгол Ванн” компанийн захирал Ж.Мөнхцэцэг импортын бусад ваннаас ялгагдах “Монгол Ванн” гэсэн тэмдэглэгээг ванн, угаалтуур дээрээ суулгаж өгөхийг зорьж байгаа” гэж хэлж байсан л даа. Энэ ажил юу болж байна?

-Энэ зунаас эхлээд “Монгол Ванн”-ы бүтээгдэхүүнүүд логотой үйлдвэрлэгдэх болно.

-Цэцэрлэгүүд танай хүүхдийн угаалтуурыг их захиалсан байдаг юм билээ. Ер нь ямар төрлийн угаалтуур их эрэлттэй байдаг вэ?

-Тийм шүү. “Сувдан сондор” цэцэрлэг, “Хурд” группийн барьсан “Эрхий мэргэн” цэцэрлэгийн гурван салбар, “Шинэ Монгол” сургуулийн харъяа “Бяцхан Монгол” цэцэрлэг гээд олон цэцэрлэг манайхтай хамтарч ажилласан. Манайх хүүхдийн угаалтуураас гадна тавцантай, тавиуртай, хөлтэй 10 гаруй загварын угаалтуур үйлдвэрлэж байгаа. Үйлчилгээний байгууллага, зочид буудал, эмнэлгүүд манай 2м хүртэл урттай тавцантай угаалтуурыг их захиалдаг. Айлууд ч бас манай ванныг угаалтууртай нь хосоор нь өнгөтэй захиалж хийлгэх нь их байдаг.